пятница, 26 января 2018 г.

Даралт нэмэгдэх хоёрдугаар шалтгаан: Их оройтож хоол идэх, унтахаасаа өмнө цай болон согтруулах ундаа уух. 

Бид эдгээр зуршлыг хэр хөнөөлтэй, хортой гэдгийг мэдсээр байж тэрнээсээ огтхон ч татгалзаж чаддаггүй. Ихэнх хүмүүс орой ажлаасаа ирчихээд гэдсээ дүүртэл иддэг. Унтахаасаа өмнө идсэн хоол боловсорч амжилгүй диафрагм буюу цээжний хөндий болон хэвлийн хөндийг тусгаарласан булчинлаг хавхлагыг дарчихдаг. Түүнчлэн ходоодонд үлдсэн хоол ялзарч муудна. Ходоод үрэвсэж, элэг өөхөлж, цөс чулуужиж, нойр булчирхай зэрэг эрхтэнүүд давхар муудаж, даралт нэмэгдэхэд хүргэнэ. Бид худлаа үнэн өөрсдийгөө хуурч шалтаг заахдаа гаргуун. Өдөржин ажил ихтэй, өдрийн хоол идэх завгүй юм чинь. Орой л тайван сууж яаралтгүй хооллох боломжтой гэж. Тэгвэл бид яагаад баяр, амралтын өдрүүдэд ч гэсэн өдөр нь өлөн зэлмүүн явчихаад орой ширээний ард тухлаад байгаа юм вэ? Үндэсний зан заншил, эцэг өвгөдөөс минь уламжилж ирсэн зан үйл гэж үү. Тиймээ, залуу биетэй, эрүүл үедээ зан үйлээ дагаж болно. Харин нас ахиад, даралт хэвийн бус болсон үед яах вэ?
Энэ эмгэнэлтэй байдлаа бид хэзээ ойн тойндоо хүргэж ухаарах вэ гэхээр амь нас хутганы ирэнд ирсэн үед л ухаардаг юм байна. Амь нас хутганы ирэнд оччихоод нааш нь буцвал эмчлүүлж, бас хорт зуршлуудаасаа салж, эрүүл мэндээ сайжруулж болох юм. Гэтэл хутганы ирний цаана буугаад хорвоог орхиод байгаа статистикийг үгүйсгэж чадахгүй байна шүү дээ. Ер нь статистик гээд том дугараад яахав, ойрын хэдэн жилд зүрхний шигдээс, тархины цус харвалтаар таны хэдэн хамаатан, хэдэн найз, танил нөхөд чинь зурдаар нас барсан вэ гэдгийг л саначих. Аймшигтай байгаа биз. Тэгэхээр оройтоогүй дээрээ өнөөдрөөс эхлэн өдрийн хоол, оройн хоол идэх цагаа зохицуулж, шөнө унтахаасаа өмнө хоол идэхээс татгалзах шаардлагатай. Бага зэргийн өлсгөлөнгийн байдалтай байх нь танд тус болно уу гэхээс ус болохгүй.
Бас нэг үндэсний онцлог гэх үү дээ, орой үдэш сууж цайлах явдал. Ганц нэг аягаар хязгаарлачихвал ч яахав. Данхаар нь хөнтөрнө шүү дээ. Их хэмжээний шингэн зүйл шөнө бөөрийг ачаална. Бөөр чинь өөрөө шөнө амрах ёстой эрхтэн байгаа юм. Шөнөжин ажилласан, амарч чадаагүй туйлдсан бөөр маргааш нь танд өндөр даралтыг бэлэглэнэ. Шөнө хоол идэх, цай уух дуртай хүмүүсийн даралт өглөө дээшилдэг ба өдөр нь их хөдөлж, цэвэр агаарт алхаж, биеийн хүчний ажил хийсэн тохиолдолд орой тийшээгээ доошилдог юм байна.
Хамгийн их хор хөнөөлтэй нь орой үдэш согтууруулах ундаа хэрэглэх явдал. Их хэмжээтэй хэрэглэсэн тохиолдолд шууд даралтанд нөлөөлдөг. Үнэхээр уухаас өөр аргагүй бол оройны 6,7 цагаас хэтрүүлж болохгүй.  
Даралт нэмэгдэх гуравдугаар шалтгаан: Гиподинамия буюу хөдөлгөөний хомсдол.
Өндөр даралтын бас нэг гол шалтгаан бол хөдөлгөөний хомсдол. Хүн өдөржингөө компьютерийн ард суух, гар утас, таблетнээсээ зүүлттэй байх, эсвэл буйдан дээр хөндлөн хэвтээстэй зурагт үзэхэд судсаар гүйх цусны эргэлтийн эрч огцом буурч сааталд ордог. Энэ нь ямарч ухаан муутай хүн байсан ч 2х2=4 болно гэдгийг мэддэгтэй адилхан ойлгомжтой зүйл. Ингэснээр захын судаснуудын эсэргүүцэл нэмэгдэж даралт дээшилнэ. Энэ үед даралтны эм уугаад гэртээ, ажлын өрөөндөө сууж байснаас гадаа гарч ядаж 30 минут алхах хэрэгтэй. Өдөр болгон 30-40 минут алхаж байвал даралт хэвийн байдалд орно. Хэрэв эмэнд бүр дасал болчихсон, эсвэл өдөрт 100 грамм давс иддэг бол агаарт алхах нь тийм ч их үр дүн үзүүлж чадахгүй боловч зохих хэмжээнд нөлөөлнө. Гадаа зугаалж алхах нь стрессээс үүдэлтэй мэдрэлийн ядаргаанаас болж даралт нэмэгдсэн тохиолдолд онцгой үр дүнтэй. Хөдөлгөөн бол стресснээс ангижрах гол зэвсэг, стрессийн даавруудыг хоргүйжүүлж биенээс, судаснаас ачааллыг буруулах үндсэн арга юм.  
Өглөөний дасгал, усанд сэлэх, хүзүү мөрний булчин суллах дасгалууд, скандинавын алхалт, иогын дасгал гээд даралтыг буруулж, хэвийн хэмжээнд барих аргачлал маш их. Хамгийн гол нь байнгын хэвшил болгох хэрэгтэй.

Комментариев нет:

Отправить комментарий