пятница, 26 января 2018 г.

Даралт нэмэгдэх хоёрдугаар шалтгаан: Их оройтож хоол идэх, унтахаасаа өмнө цай болон согтруулах ундаа уух. 

Бид эдгээр зуршлыг хэр хөнөөлтэй, хортой гэдгийг мэдсээр байж тэрнээсээ огтхон ч татгалзаж чаддаггүй. Ихэнх хүмүүс орой ажлаасаа ирчихээд гэдсээ дүүртэл иддэг. Унтахаасаа өмнө идсэн хоол боловсорч амжилгүй диафрагм буюу цээжний хөндий болон хэвлийн хөндийг тусгаарласан булчинлаг хавхлагыг дарчихдаг. Түүнчлэн ходоодонд үлдсэн хоол ялзарч муудна. Ходоод үрэвсэж, элэг өөхөлж, цөс чулуужиж, нойр булчирхай зэрэг эрхтэнүүд давхар муудаж, даралт нэмэгдэхэд хүргэнэ. Бид худлаа үнэн өөрсдийгөө хуурч шалтаг заахдаа гаргуун. Өдөржин ажил ихтэй, өдрийн хоол идэх завгүй юм чинь. Орой л тайван сууж яаралтгүй хооллох боломжтой гэж. Тэгвэл бид яагаад баяр, амралтын өдрүүдэд ч гэсэн өдөр нь өлөн зэлмүүн явчихаад орой ширээний ард тухлаад байгаа юм вэ? Үндэсний зан заншил, эцэг өвгөдөөс минь уламжилж ирсэн зан үйл гэж үү. Тиймээ, залуу биетэй, эрүүл үедээ зан үйлээ дагаж болно. Харин нас ахиад, даралт хэвийн бус болсон үед яах вэ?
Энэ эмгэнэлтэй байдлаа бид хэзээ ойн тойндоо хүргэж ухаарах вэ гэхээр амь нас хутганы ирэнд ирсэн үед л ухаардаг юм байна. Амь нас хутганы ирэнд оччихоод нааш нь буцвал эмчлүүлж, бас хорт зуршлуудаасаа салж, эрүүл мэндээ сайжруулж болох юм. Гэтэл хутганы ирний цаана буугаад хорвоог орхиод байгаа статистикийг үгүйсгэж чадахгүй байна шүү дээ. Ер нь статистик гээд том дугараад яахав, ойрын хэдэн жилд зүрхний шигдээс, тархины цус харвалтаар таны хэдэн хамаатан, хэдэн найз, танил нөхөд чинь зурдаар нас барсан вэ гэдгийг л саначих. Аймшигтай байгаа биз. Тэгэхээр оройтоогүй дээрээ өнөөдрөөс эхлэн өдрийн хоол, оройн хоол идэх цагаа зохицуулж, шөнө унтахаасаа өмнө хоол идэхээс татгалзах шаардлагатай. Бага зэргийн өлсгөлөнгийн байдалтай байх нь танд тус болно уу гэхээс ус болохгүй.
Бас нэг үндэсний онцлог гэх үү дээ, орой үдэш сууж цайлах явдал. Ганц нэг аягаар хязгаарлачихвал ч яахав. Данхаар нь хөнтөрнө шүү дээ. Их хэмжээний шингэн зүйл шөнө бөөрийг ачаална. Бөөр чинь өөрөө шөнө амрах ёстой эрхтэн байгаа юм. Шөнөжин ажилласан, амарч чадаагүй туйлдсан бөөр маргааш нь танд өндөр даралтыг бэлэглэнэ. Шөнө хоол идэх, цай уух дуртай хүмүүсийн даралт өглөө дээшилдэг ба өдөр нь их хөдөлж, цэвэр агаарт алхаж, биеийн хүчний ажил хийсэн тохиолдолд орой тийшээгээ доошилдог юм байна.
Хамгийн их хор хөнөөлтэй нь орой үдэш согтууруулах ундаа хэрэглэх явдал. Их хэмжээтэй хэрэглэсэн тохиолдолд шууд даралтанд нөлөөлдөг. Үнэхээр уухаас өөр аргагүй бол оройны 6,7 цагаас хэтрүүлж болохгүй.  
Даралт нэмэгдэх гуравдугаар шалтгаан: Гиподинамия буюу хөдөлгөөний хомсдол.
Өндөр даралтын бас нэг гол шалтгаан бол хөдөлгөөний хомсдол. Хүн өдөржингөө компьютерийн ард суух, гар утас, таблетнээсээ зүүлттэй байх, эсвэл буйдан дээр хөндлөн хэвтээстэй зурагт үзэхэд судсаар гүйх цусны эргэлтийн эрч огцом буурч сааталд ордог. Энэ нь ямарч ухаан муутай хүн байсан ч 2х2=4 болно гэдгийг мэддэгтэй адилхан ойлгомжтой зүйл. Ингэснээр захын судаснуудын эсэргүүцэл нэмэгдэж даралт дээшилнэ. Энэ үед даралтны эм уугаад гэртээ, ажлын өрөөндөө сууж байснаас гадаа гарч ядаж 30 минут алхах хэрэгтэй. Өдөр болгон 30-40 минут алхаж байвал даралт хэвийн байдалд орно. Хэрэв эмэнд бүр дасал болчихсон, эсвэл өдөрт 100 грамм давс иддэг бол агаарт алхах нь тийм ч их үр дүн үзүүлж чадахгүй боловч зохих хэмжээнд нөлөөлнө. Гадаа зугаалж алхах нь стрессээс үүдэлтэй мэдрэлийн ядаргаанаас болж даралт нэмэгдсэн тохиолдолд онцгой үр дүнтэй. Хөдөлгөөн бол стресснээс ангижрах гол зэвсэг, стрессийн даавруудыг хоргүйжүүлж биенээс, судаснаас ачааллыг буруулах үндсэн арга юм.  
Өглөөний дасгал, усанд сэлэх, хүзүү мөрний булчин суллах дасгалууд, скандинавын алхалт, иогын дасгал гээд даралтыг буруулж, хэвийн хэмжээнд барих аргачлал маш их. Хамгийн гол нь байнгын хэвшил болгох хэрэгтэй.

четверг, 25 января 2018 г.

Даралт (эссенциальная гипертония) нэмэгдэх үндсэн 9 шалтгаан

Даралт нэмэгдэх үндсэн 9 шалтгаан ба даралтыг яаж эмчлэх вэ?
Даралтыг амжилттай эмчлэхийн тулд даралт ямар шалтгааны улмаас үүссэн вэ гэдгийг тогтоох хэрэгтэй. Учир нь даралтны шалтгааныг устгаж чадлаа гэдэг чинь та даралт нэмэгдэх өвчнөө 90 хувьтай эмчилж чадлаа гэсэн үг.
Даралт нэмэгдэх нэгдүгээр шалтгаан: Давс хэтрүүлэн хэрэглэх. 
Өнөөдөр бид зөвхөн өөрөө нүдээрээ харж, гараараа хоол ундандаа хийж байгаа давснаас гадна давс ихтэй хиймэл хүнс маш их хэмжээгээр хэрэглэдэг болсон байна. Хэрэв та давстай хоолонд дуртай юм бол даралтны эм өндөр тунгаар уугаад ч даралтаа буруулж чадахгүй нь ээ. Энэ нь давсыг огт хэрэглэж болохгүй гэсэн үг биш. Өдөрт хүний хэрэглэх ёстой давсны хэмжээ 5 гр буюу 1 цайны халбаганы хэмжээтэй юм. Энэ хэмжээнээс хэтэрч эхэлбэл, даралт ч гэсэн аажмаар нэмэгдэж эхэлдэг. Гэрийнхэндээ хоол ундаа бэлддэг юм чинь яаж энэ хэмжээг мөрдөх вэ гэж үү? Тэр амархан. Хоолоо давсгүй хийгээд өөрийнхөө хэрэглэх хэмжээний 1 цайны халбага давсаа өөр саванд хийж тавиад хоол ундандаа нүдэн баримжаагаар хэрэглэнэ гэсэн үг. Гэхдээ 70-75 дээш насны хүмүүсийн хувьд давсны хэрэглээг хэт багасгаж болохгүй. Учир нь энэ насан дээрээ хүний бөөр суларч, биенээсээ шээстэйгээ натри их алддаг байна. Тунгаагаагүй далайн давсанд 92 төрлийн эрдэс давс агуулагддаг ба тунгаасан буюу бидний хэрэглэж дадсан давсанд  натри, хлор хоёр л үлддэг. Боломж байдаг л юм бол  найрлагандаа хүний биенд шаардлагатай бүхий л эрдэс давсыг агуулсан  далайн давсыг хоол хүнсэндээ хэрэглэж занших нь зөв юм. Далайн давсны ач холбогдлын талаар тусад нь өгүүлэх шаардлагатай болох байх.



Өвчин тусав аа

Блогоо нээчихээд уншигчиддаа хүргье гэж бодсон санааснаа гүйцэлцүүлж чадалгүй өвдчихлөө. Хагас сайны орой гэнэт л артерийн даралт нэмэгдэж сандаргадаг байна. Өдөр гадуур явж байхдаа дотор муухай оргиод, ходоод гэдсээр өвдөөд байсан юм. Хоол унднаас хордчихоогүй байгаа гэж бодоод өнгөрсөн юм. Ер нь сүүлийн үед өглөө цай уутлаа дотор эвгүй оргидог болчихсан байсан юм. Зүрх өвдөөд, цээжээр хүчтэй шахаад, унтаж чадахгүй нэг л таагүй мэдрэмж төрөөд, шөнө дөлөөр эмнэлэгт очив. Даралт 200-120 гэж байна. Судсанд дибазол шахаж, булчинд бас нэг тариа хийгээд хэвтүүлчихлээ. Ээлжийн эмч шээс хөөнө шүү, бие засахаар босохдоо болгоомжтой байгаарай гэв. Даралт нэмэгдэх, шээс хөөх хоёрын хооронд ямар хамаарал байгааг тааж ядав. Ямарч байсан биенээс илүүдэл усыг гадагшлуулахад даралт багасдаг юм байна гээд дотроо бодлоо. Ойролцоогоор цаг гаран хэвтэхдээ дөрвөн удаа шээв. Даралт 156-110 боллоо. Гэртээ харьж болно гээд, өглөө, оройд уух 3 төрлийн даралтны эм бичиж өгөөд, нэг дэх өдөр ирж эмчид үзүүлээд, зөвлөлгөө авах, даралт ямар шалтгааны улмаас  дээшилж байгааг тогтоох хэрэгтэйг сануулав. Мөн үзэмний шүүс уу гэв. Маргааш нь манай хүн эмчийн бичсэн эм тан, даралт хэмжих электрон аппарат авчирч өгөв. Биеэ чагнаж хянаж эхлэв. Эм уугаад даралт буухгүй байлаа. Өглөө бага зэрэг доошилдог боловч оройд нь нэмэгдсээр дээд даралт 180-190, доод даралт 110-120 хавьцаа. Үзэмний шүүс уухаар ходоод хорсоод, хоол унд шингэхгүй зовоолоо. Хоёр жил гарангийн өмнө бас нэг удаа даралт 180-120 хүрч байсан бөгөөд тухайн үед өглөө нэг литр гаран халуун ус уугаад, тогтмол өглөөний дасгалаа хийгээд тогтворжуулж авч байсан.  Тэр аргаар үзэх гээд оролдсон ч бие сайжрахгүй л байлаа.Тэгэхээр миний даралт нэмэгддэг өөр ноцтой шалтгаан байж тарах гээд байна даа.
Ингээд би гэдэг хүн даралт хэт өндөр, юу юугүй цус харвах магадлалтай, нэн эрсдэлтэй хүмүүсийн тоонд оров.
Өөрөө өөрийгөө эмчилчих санаатай интернет ухаж, даралтыг яаж тогтворжуулах талаар нэлээн хэдэн мэдээлэл олж уншлаа. Хэн нэгэнд хэрэг болж юуны магад гэж бодоод өөртөө тэмдэглэж авсан зарим зүйлийг доор сийчлэв.
Даралтыг эмээр эмчлэх магадлал маш бага байдаг юм байна. Эмч нар ч гэсэн энэ асуудалд хүчин мөхөсдөж, нэг эм даралтыг бууруулж чадахгүй байвал, дараагийн эмийг бичиж өгдөг жишээтэй. Ингээд та өөртөө тохирох эмийг олтлоо нэлээн хэдэн эм ууж туршилтын туулай болно гэсэн үг. Дээд даралтнаас илүү (диастолическое давление), доод даралт (систолическое давление) өндөр болох нь илүү аюултай юм байна. Доод даралт 100-110 дээш гарахад зүрхний шигдээс, харвалт өгөх магадлал хамгийн өндөр. Даралт нэмэгддэг үндсэн 9 шалтгаан байдгийг өөрийнхөө ойлгосон хэмжээнд толилуулах гээд оролдъя. Үүнийг танд ямарч эмч хэлж өгдөггүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Тэгээд ч тэдэнд тийм зав ч байдаггүй юм байна. Учир нь нийт хүн амын 80-аас дээш хувь нь даралт ихтэй явдаг ба хүн болгонд энэ бүгдийг тайлбарлаж суудаг эмчийг та олж чадвал таны аз, олж чадахгүй бол таны эз. 

понедельник, 8 января 2018 г.

Миний дуртай ном


Хамгийн их дурлаж уншдаг, сэтгэл хангалуун амьдрахад маань сайн хөтөч болж байдаг номныхаа талаар хэдэн үг бичье гэж бодлоо. Америкийн зохиолч эмэгтэй Женнифер Л.Скотын "Хатагтай Шикийн хичээлүүд буюу Парист амьдрач байхдаа олж авсан эрхэмсэг эмэгтэйн хорин нууц" нэртэй номтой нь танилцаад даруй дөрвөн жилийн нүүр үзэж. Орос хэл рүү орчуулсан хувилбарыг нь уншсан л даа. Энэ явдал миний хувьд маш том өөрчлөлтийг авчирсан гэхэд хилсдэхгүй. Уг номонд франц гэр бүлийн уламжлал, франц эмэгтэйн зүгээр нэг гоё харагдах бус ямарч нөхцөлд тансаг харагдах, өөртөө эрүүл зөв хэвшлийг бий болгох, дуртай хоолоо амтархан иддэг мөртлөө огтхон ч жин нэмдэггүй, маш хурдацтай болж байгаа өнөөгийн амьдралд зөвхөн гоо сайхнаа ч бус, түүнчлэн эрүүл мэндээ хамгаалах нууцыг маш энгийн ойлгомжтой хүргэсэн байдаг. Номын зохиолч америк эмэгтэй бөгөөд оюутны хөтөлбөр солилцооны хүрээнд Франц улсад ирж франц айлд зургаан сарын хугацаанд амьдрахдаа хүссэн хүсээгүй франц хэв маягт суралцахаас өөр аргагүй байдалд орсоноо өгүүлжээ. Монгол хэл рүү хараахан орчуулагдаж амжаагүй байх шиг байна. Англи, франц, япон, испани, итали орос хэл дээрх хувилбаруудыг нетээс олоод унших боломжтой юм билээ. Мөн Женнифер Л.Скот нь "The daily connoisseur" нэртэй блог хөтөлдөг бөгөөд маш сонирхолтой видео бичлэгнүүдийг нь харж болно. Өнөөдрөөс эхлэн энэ номоо ахин уншиж эхэлсэн бөгөөд маш сонирхолтой хэсгүүдээс нь уншигчиддаа орчуулж хүргэхийг хичээх болно.   

Мэндчилгээ

Сайн байцгаана уу.
2018 онд өөрийн блог нээж ажиллуулж эхэлнэ гэж өөртөө амласны дагуу өнөөдөр зориглож анхны алхмаа хийж байна. Хичнээн ч жил дуншив даа. Нас 50 хүрлээ. Амьдралд сурсан мэдсэн, үзсэн харсан, мэдэрсэн ухаарсан зүйл багагүй юм шиг санагдаад, хэн нэгэнд хэлмээр, бичмээр, олонд түгээмээр нэг л тийм мэдрэмж зовоосоор удлаа. Цээжинд багтааж ядаад байсан бүх юм хаачихваа? Бичих гэсэн чинь толгойд орж ирэх нь одоохондоо алга. Гэсэн хэдий ч сошиал медиа өртөнцөд тавтай морил гэж өөртөө хэлмээр байна!